Тууж

Гэсэр туужийн товч агуулга

Гэсэрийн туужийн дээр дурдсан бvх арван хоёр бvлэг, сvvлийн гучаад жилийн дотор Монгол Ард Улсад ба Хятад Ард Улсын Автономит Өвөрмонголд уйгаржин монгол vсгээр бvрэн хэвлэгдэж гарав. Гэсэрийн туужийг бид 1985 онд олон нийтэд зориулан есөн бvлэг болгож шинэ vсгээр хуулж хэвлэлд бэлдэв. Чухам яаж хэвлэлд бэлдсэн бэ? гэдэг асуултыг цөөн vгээр хариулахыг оролдъё. 1716 онд монгол Гэсэрийн туужийг модон бараар хэвлэхийн өмнө бичмэл монгол Гэсэрийн туужууд байсан гэж баттай хэлж болно. 1716 онд хэвлэхдээ сайн бичмэл Гэсэрийн туужийг шилж чадаагvй, алдаа мадаг ихтэй барагтайхан эхийг олж хэвлэсэн байна. Vvний баталгаа нь Улаанбаатар хотод 1960 онд «Номч хатны Гэсэр» нэртэй хэвлэгдсэн тууж болно. Энэ тууж нь 1716 онд хэвлэгдсэн туужтай нэг ижил ном боловч алдаа мадгаар арай цөөн, арай сайн эх бичиг болно. Далимд хэлэхэд «Номч хатны Гэсэр» гэдэг нь буруу өгсөн нэр юм. Чухамдаа тэр ном нь зvгээр л «Гэсэр хааны тууж» нэртэй бичмэл ном юм. Яагаад «Номч хатны Гэсэр» гэж буруу нэр өгсөн юм бэ? гэвэл тэр туужийн эцэст «Лам эрдэнэ, Гэсэр хаан хоёр золголцсон судар» нэртэй өчvvхэн сургаал номлолын чанартай зохиолыг хавсаргаж бичсэн байв. Энэ жижигхэн судрыг Номч хатны дуртгасан ёсоор Погбон Эрдэнэ цорж төвд хэлнээс монгол хэлэнд орчуулсан гэж төгсгөлийн vгэнд нь бичсэн байна. Энэ хавсаргасан жижиг номын төгсгөлийн vгийг бvхэл Гэсэрийн туужид холбогдох төгсгөлийн vг гэж эндvvрээд бvхэл туужид нь «Номч хатны Гэсэр» гэж буруу нэр өгсөн нь хэвлэн нийтлэгчийн ташаарал болно. Гэвч энэ туужийг бусад Гэсэрийн туужуудаас ялгахын тул нэгэнтээ номын хавтсан дээр тавьсан буруу нэрсийг бид мөн хэрэглэж «Номч хатны Гэсэр» гэж нэрлэснээ илэрхийлье. 1716 оны хэвлэл, Номч хатны Гэсэр хоёул нэг туужийн хоёр хуулбар мөн тул тэр хоёр номыг нэгтгэж нэгэн боть болгож хэвлэлд бэлтгэв. Тэгэхдээ хуучин Заяын хvрээ буюу одоогийн Цэцэрлэг мандлаас олдсон Гэсэрийн туужийг «Заяын Гэсэр» нэртэйгээр 1960 онд хэвлэсэн туужаас чухал хэрэгтэй зvйлийг нөхөж оруулаад тэр оруулсан зvйлээ дөрвөлжин хаалтанд хийж бичив. Заяын Гэсэрийн тууж болбол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёулаас дэлгэрэнгvй бvрэн бvтэн тууж мөн болно. Гэвч бид энэ удаа Гэсэрийн туужийг хэвлэхдээ Заяын Гэсэрийн туужийг аваагvй, 1716 оны хэвлэлийг авсан билээ. Vvнд хоёр шалтгаан бий. Нэгдvгээр шалтгаан нь, 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж бол олонд тvгээмэл дэлгэрсэн бөгөөд монголын өргөн уншигчид энэ туужаар л их төлөв Гэсэрийн туужтай танилцсан болно. Олон нийтэд их дэлгэрч чадаагvй бичмэл туужийг хэвлэснээс олонд тvгээмэл дэлгэрсэн учир олон нийтийн хvртээл болсон Гэсэрийн туужийг урьдаар хэвлэж сургуулиудад vзэх нь чухал болно. Хоёрдугаар шалтгаан болбол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж нь бvх монгол Гэсэрийн туужуудаас илvvгээр төвд Гэсэрийн туужуудаас хөндийрч холдсон бөгөөд их монголжсон учраас төвдөөс орчуулсан зохиол биш, жинхэнэ монгол зохиол гэж нэлээд баттайгаар хэлж болох тууж мөн болно. Ийм хоёр шалтгаан байх учир бид 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёрыг нэгтгээд зарим газарт Заяын Гэсэрээс нөхөж хэвлэлд бэлдсэнээ давтан өгvvлсvгэй. Ямар чухал зvйлvvдийг Заяын Гэсэрийн туужаас авч нөхөж оруулсныг энд хэвлэсэн Гэсэрийн туужаас vзэж болно. 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид орсон долоон бvлгийн дээр 1716 оны хэвлэлд ороогvй хоёр бvлгийг тухайлбал Шарайголын байлдаанд алагдсан баатруудаа Гэсэр амьдруулсан бvлэг, Нандулам хаантай байлдсан бvлэг энэ хоёр бvлгийг Номч хатны Гэсэрийн туужаас авч оруулаад бvгд есөн бvлэг болгов. Тэгэхдээ энэ хоёр нэмсэн бvлгийг Шарайголын байлдааны V бvлгийн дараа оруулав. Учир нь дурдсан хоёр бvлэг бол Шарайголын байлдааны vргэлжлэл янзтай юм. Шарайголын байлдааны V бvлэгт алагдсан баатруудыг VI бvлэгт нь дахин амьдруулж байна. Мөн V бvлэгт дурдсан бөгөөд тэнгэрийн оронд очиж төрсөн Цас Чихэр Нандулам хааны VII бvлэгт тэнгэрээс дэлхий дээр бууж ирээд байлдааны vед Гэсэрт тусалж байна. Yvнээс гадна, бас нэг тэмдэглэх зvйл бол лам болж хувилсан Ловсгаа мангасын товч дэлгэрэнгvй хоёр бvлэг Номч хатны Гэсэрийн туужид байна. Vvнээс дэлгэрэнгvй хувилбарыг шилж аваад тус Гэсэрийн туужид Нандулам хааны бvлгийн дараа оруулав. Ийм учраас 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужаас лам болж хувилсан мангасын товч бvлэг хасагдав. 1716 оны модон барын хэвлэлд ороогvй гурван бvлэг, тухайлбал Гэсэр, Аваргасан хаантай байлдсан бvлэг, Гэсэр чөтгөрийн Гvмбо хаантай байлдсан бvлэг, Гэсэр дөчин дөрвөн Монгол улсын Начин хаантай байлдсан бvлэг, энэ гурван бvлгийг одоогийн хэвлэлд оруулаагvй орхисон билээ. Учир нь, эдгээр дурдсан гурван бvлгийн эхний хоёр бvлэг нь Гэсэрийн тууж IV, V бvлэг буюу тухайлбал хойд зvгийн арван хоёр толгойт мангастай байлдсан бvлэг, Шарайголын байлдааны бvлэг, энэ хоёр бvлгийн агуулгыг ашиглаж дуурайлган давтсан шинжтэй бvлгvvд байна. Нөгөө Начин хаантай байлдсан бvлэг нь Гэсэрийн туужийн бусад бvлгvvдээс өөр өвөрмөц байдалтай боловч адуу малыг дээрэмдэж хөөх, гол баатрууд нь хувилж өөр хvн болох, эхнэр хvvхнээр дамжуулан дайсны далд хvчийг сурвалжилж мэдэх, тэр далдын хvч буюу сvнсийг дэс дараалан устгах, эцэст Гэсэр өөрийн биеэр хувилж дайсныг дарах зэрэг тогтмол хэлбэрийг хэлхэж бичсэн учраас давтмал vзэгдэл vлэмжхэн байна. Ийм учраас энэ бvлгийг мөн оруулсангvй. Ингээд Гэсэрийн бvх vйл явдлыг ерөнхийд нь багтаасан есөн бvлгийг энэ удаа хэвлэж байна. Vvнийг хэвлэн гаргаснаар монголын олон уншигч өөрийн vндэсний уран зохиолын их дурсгалт бичигтэй танилцах боломжийг олох онцгой ач холбогдолтой юм.

тууж

Дэжид хvvгээ гэртээ орохыг мэдээгvй юмуу, тэрийг анзаарах сэхээ байхгvй ч байгаа юм уу юv ч хэлсэнгvй. Эргэн тойрондоо болж байгааг ч мэдрэх завгvй юм шиг нэг ажлаас нөгөөд шилжин хажуугаас харах хvнд бол ажилдаа тvvртэн эр нөхрөө ирж байгааг мэдэх янзгvй байх шив дээ гэхээр байх авч Дамбын хэрхэн ирж яваа, хотынхоо хаагуур тойрч хэдэн хормын дараа шон дээр буухыг нэгд нэггvй мэдэрч ойртох тусам нvvр учрахаасаа эмээх мэт аар саархнаар оролдон энд тэнд унасан ойчсоныг өөд татах аядана. Дамбыг эрэл сурал, аймаг сум орохоор хэд гурав хоногоор эзгvй яваад ирэх бараагий нь харангуут царай зvс нь гэрэлтэн нvvр рvvгээ унжсан vсээ хойш илж, vргэлж толгой дээр явах, нар салхинд онгож хээ нь ч мэдэгдэхээ больсон алчуураа засч, яаран сандран гэртээ орж юм хумаа цэгцэлдэг байснаа чухам хэдийнээс больчихсоныг өөрөө ч vл мэднэ. Дамба гэрийнхээ зvvн урдах дэрсэн доторхи тугал, цаахнах худаг сахисан хоёр адуу сэлтрvv хараа тусган явснаа тогоо барин гэртээ орж яваа Дэжидийг хармагцаа дотор нь палхийн «юу гэх бол» гэсэн бодол дахин орж ирэв. Энэ бодол тvvнд урьд өмнө нь олонтаа бодогдсон бөгөөд тэгэх бvрийд ингэх байх, тэгэх байх гэсэн таамаг гарган, тэгэхээр нь ингэнэ, ингэхээр нь тэгнэ гэсэн жин тан хариулт зэхчихсэн хэрнээ гэр нь ойртох тусам дахин дахин бодогдон, мөнөөх жин тан хариулт нь алга болж гагцхvv «юу гэх бол, яах бол» гэдгээс өөр юм ухаан санаанд нь орсонгvй. Унасан морь нь сурсан зангаараа уяанд ойртож ирээд зогсоход тэр сая гэрийнхээ гадна ирснээ мэдрэн, мориноосоо буухаас ч, гэртээ орохоос ч халшран, буцаад явчихмаар ч санагдан «хvv яачихав аа, Эзгvй байгаа юм болов уу» гэж бодов. Зуны дэлгэр цагт хааяа хэд гурав хоногоор айраг архи, найр цэнгэл хөөж яваад ирэхэд нь угтан гvйж ирэх хvvдээ баярлан, хvvгээрээ ул барин гэртээ орж нvvр хагардаг байсан нь нэг бус билээ. Бууж морио уях, дээл хувцсаа засах, гэрээдээ алхах энэ бvхэн нь ер бусын удаан бөгөөд гэр уяа хоёрынхоо хооронд ийм удаан явж байгаагvйгээ өөрөө ч анзаарахаар аажуу алхаж явтал хvv нь сая гэрээс гарч ирэн томдсондооо гадагшаа майжийчихсан бахиал гутлаа пар пар дуугарган гvйсээр тосон ирэхийг хараад «муу хvv минь гуталгvй болж дээ» хэмээн бодож амжив. Хvv нар салхи vнэртсэн данхар толгойгоо эцэгтээ vнсvvлээд, --Ааваа, хvрэн vрээ ижилдээ хvрээд ирчихсэн гээд гараас нь хөтлөн гэрийнхээ зvг явангаа, --Та буруу эрээд л яваад байсан юм уу гэхэд Дамба, --Тийм гэж хvvгийнхээ амыг дагуулан хариулсан боловч яах гэж тэгж хэлсэн, тэгж хэлэх хэрэгтэй байсан vгvй г ч бодсонгvй. Тэр хоёрын гэрт ороход Дэжид зуухны ам хавьцаа намхан модон сандал дээр сууж байлаа. Дамба явсаар хоймороо гарч завилан суув. Хол ойр юманд явж ирээд ямагт энд суун малгайгаа авч хоймрын авдар дээрх жаазтай зурагны өмнөх өрөөсөн хөлөө жийн хэвтэж байгаа хvрэл гөрөөсний хажууд тавиад өврөө уудлан дурангаа гаргаж «май, миний хvv энийг тэр жаазны араар тавьчих» гээд хvvдээ өгдөг заншилтай аж. Энэ удаа ч гэсэн мөн тэр заншлаараа малгайгаа авч тавьдаг газраа тавиад өврөө уудалтал дуран нь алга байв. «Yгvй энэ чинь би дурангаа арай...» хэмээн бодсоноо гэнэт хаа байгааг нь санасан тул хоосон гараа өврөөсөө гаргахдаа эхнэр рvvгээ зэрвэсхэн харав. Дэжид тvvнийг анзаарсан шинжгvй, тогоотой цайгаа сvлж байлаа. Дамба юv ч болоогvй мэт ихэд тайвнаар гаанс хvvдийгээ гарган тамхи нэрэх зуураа: -- Манай хонь хаа яваа юм, ойр хавь ер юм харагдсангvй гээд Дэжид рvv харсан боловч цаадах нь дуугарсангvй. Харин хvv нь, -- Зvvн хойно яваа, өнөөдөр Багаагийн хонины ээлж. Маргааш манайх. Та хар морь бариад өгөөрэй. Гараар ганц ч баригдахгvй байгаа юм гэхэд Дамба, -- Чи унаж чадах юм уу. Хээр буухаар чинь эргэцээд мордуулдаггvй сэн биш билvv? -- Чаднаа хадан дээр гарч байгаад мордчихдог юм чинь. -- Аан. Данханд цай уудлах, тамхи сорох чимээнээс өөр ямар ч анир vл гарах нь гаднаас орж ирж яваа хvнд эзгvй айл юм уу гэж бодогдуулахаар ажээ. Дэжид данхтай цайгаа Дамба руу дөхvvлж орхиод аяганы шургуулганаас том шаазан гаргаж урд нь тавив. Дамба аягыг авч цай хийлээ. Энэ vед орны хөл дэх авдар ухаж байсан хvv, -- Ээжээ, аавд тавьсан мах яасан бэ, эрээд олдохгvй юм гэхэд Дэжид эргэнэг дээрээс тавагтай мах авч хvvд өгөхөд тэр машид хичээнгvй хоёр гардан барьсаар явж эцгийнхээ цайны дэргэд тавиад хутга авч өгөв. Дамба махнаас хоёр хавирга авч махыг нь хэрчин хvvдээ өгөөд аягатай цайгаа авч удаан гэгч нь оочлох зуураа тогоо угааж байгаа Дэжидийг харж «Анхиагvй гэдэг нь. Ядаж чи наад vс гэзгээ өөдтэйхэн самначихад яадаг юм» гэх гэснээ «Хvнээр хэлvvлэх ч юv байхав дээ. Гуч хvрчихсэн хvvхэн орон гэр, хувцас хунараа өөд нь татаад явж чадахгvй юv байх вэ. Залхуу залхуу гэхэд дэндvv юм» хэмээн бодож дургvй нь хvрч суув. Чухам урьд өмнө нь ийм байлуу vгvй билvv. Яагаад би өнөөдөр анзаарч харах болов гэсэн бодол тvvнд төрсөнгvй. Харин анхиагvй новширч ноорсон байдал нь шон дээр буухад зvрхшээн халирч байсан тvvний сэтгэлийг огт тайван хvйтэн болгожээ. Дэжид тогоо авч гадагш гарснаа: --Цэдэн--ишээ, тугал ус руу явлаа хэмээн дуудахад хvv зулгааж байсан хавиргаа аяганы шургуулга руу хандуулаад гvйн гарав. Дэжид хvvтэйгээ зөрөн орж ирээд тvрvvчийн сууж байсан газраа суун зуухны амыг тар хийтэл онгойлгоод аргалын дөрвөлжнөөс хатсан хөх хомоол авч зуухны ам руу чулуудангаа: -- Нэгэнт л чи цаанаа хань бvлтэй болчихсон юм бол чи бид хоёр ингэж яваад яахав, эртхэн хоёр тийшээ болсон дээр гээд гал нь унтарсан зуухан дахь аргалын асах эсэхийг хvлээх мэт зуухны харанхуй ам руу ширтэв. Дамба Дэжидийг ийм vг хэлнэ чинээ огт санасангvй. Хаа нэг ам муруйхдаа ч салах сарних vгийг хэлэн нь бvv хэл өөдөөс нь хараал ч хэлж яваагvй, эзгvй хойгуур нь хонь малаа бvрэн бvтэн адуулаад болоод байдаг хэрнээ юvхэн дээр ч ингэхvv, тэгэх vv хэмээн ямагт тvvний амыг харж тvvнээс өөр эр хvн орчлон дээр vгvй юм шиг явдаг Дэжид ийм vг хэлнэ гэж хэн санах вэ. Гагцхvv энэ vг «Дэжид мэджээ» гэдгийг харуулж байна гэж Дамба мэдэрч байлаа. Энэ мөч хvртэл зэргэлдээ бригадын Дэлэг өвгөний охин Тогоохvvгээс Дамба салж хагацаж чадахаа байчихаж гэсэн дэл сул яриа Дэжидийн чихэнд хvрээгvй, хvрлээ ч тэднийд байна гэснээс юv хэтрээ аж гэж санаж явснаас биш бvр иймдээ тулахаар лавтай мэдсэн гэж Дамба бодоогvй юм. Тэр хоёрын явдал ч ингэтлээ даамжрах юм гэж хэн хэн нь санасангvй. Тийм дээрээс ч Тогоохvvтэй ханилах нийлэх тухай нэгээхэн ч удаа яриагvй аж. Гэвч Дамба хурал цуглаан, адуу малын эрэл сурлаар гадагш зvглэх бvрдээ Тогоохvv рvv татагдаж, хаанаас ч гэсэн тэднийхээр дайрч, унагы нь татаж өгчихөөд ч болохноо мордъё хэмээн хоргодсоор, нэг мэдэхэд орой болж хонох өнжихөд хvрдэг бөгөөд маргааш нь хонож өнжчихсөндөө бантан харихаасаа зvрхшээн хулгасаар өдрийг авч vдшийг vзэн хоног алгуурласаар хоёр гурав ч хоночихдог болсон учраас Дэжидийн энэ vг Дамбын бодоогvй хэрнээ хvсэн хvлээж явсан ганц vг нь юм шиг айх ч шиг, баярлах ч шиг болж, бас тулгамдсандаа юу хэлэхээ мэдэхгvй дэмий л гаансаа амандаа зуун асаагаагvй тамхиа хий сорж суув. «Юv, чи юv ярьж байгаа юм. Тэгж салж сарнихад тулахаар юу болсон юм» гэсэн vг дуулах гэж Дэжид энэ vгийг хэлсэн юм шиг хариу хvлээн азнаснаа гунигтайхан санаа алдаж, -- Авья л гэснээ аваарай. Бид ... гээд тvгдрэн зогссоноо: -- Бид хоёрт энэ их юмны хэрэг юv байх вэ дээ гэхэд Дамба өврөөсөө чvдэнз гарган шархийтэл хавирч тамхиа асаангаа: -- Би юv ч авахгvй гэв.Энэ vг зvрхийг зvсэх шиг болов.Эдvгээг хvртэл Дэжидэд нэгэн бат итгэл оршиж ,тэрхvv итгэл нь тvvний сонссон дуулсан болгоны эцэст арай vгvй байх гэсэн эргэлзлийг төрvvлдэг байжээ. Дэжид, Дамбын тухай сонссон дуулсанаа эргэн бодож, бодох бvрийдээ энийг хэлсэн хvн хэн билээ.Yнэн vг хэлэх хvн билvv,vгvй билvv хэмээн эрэгцvvлж, нуруутай хvн сэн гэж бодохтойгоо зэрэг гол нь харлан «Олхиогvй худалч хоосон ховсоргон хvний амнаас дуулсан ч болоосой» хэмээн харуусахдаа Дамбад бус мөнөөх муу ёрын vг тээж авчирсан хvнд уур нь хvрч тийм vг хэлснийх нь төлөө мэндлэхэд нь дуугарахгvй болчих юмсан гэж нэг бодож удаж төдөлгvй ийм муухай юм бодсондоо өөрийгөө зэмлэн «хөөрхий минь надад мууг хийе гэхдээ л хэлэв гэнэ ч, сайн сайхан санасандаа, нэр тvвшин яваасай гэхдээ л хэлээ биз. Миний энэ муу санасан тэр хvний vйлст муугаар тусчих вий» ч гэж бас бодно. Ингэж тvvнийг зөвтгөн бодоод ирэхээ тvvний хэлснийг vнэмшихэд хvрч Дамбад гомдох гомдол нь ихсэнэ. Энэ нь Дамба бол миний эр нөхөр. Тийм ч учраас надаас өөр хэн ч тvvнийг хайрлах эрхгvй гэж бодохдоо ийнхvv гомдож байгаа бөгөөд харин хэдийнээ хvний болчихсон хvнийг хvнээс харамлаж байна гэж Дэжид өчvvхэн ч бодохгvй байлаа. Тийм бодол Дэжидийн сэтгэлд багтдаг ч vгvй билээ. Yнэн юм биш байгаа хэмээн бодож гол нь харлах бvрийд Дамбатай учирсан анхны учралаа эргэн санадаг байв. Дамба Дэжид хоёр бол бие биесийг удам судраар нь мэдэх нэг дорын хоёр билээ. Дамбынхан бол нутаг усныхандаа хvндлэгдэж нэрд гарчихаагvй, тэднийхэн өөдгvй гэж хэлэгдчихээгvй, амьтан ах дvvгийн аясаар амьдрал ахуйгаа бөөцийлөөд л явдаг улс. Эх vглээ, залхагдуу цагаан цайлган авгай. Эцэг дуу цөөтэй, эргэх дөрвөн цагт адуу мал сураглан шогшиж явдаг өвгөн. Дvv охин нь хvнтэй суугаад Чойр явчихсан бөгөөд зуны цагт ирж эхийнхээ тогоо шанаганы ажлаас элбэлцэж байгаад буцдаг, гуч хvрч яваа хvvхэн бий. Дамбын аав ээж хоёр Дэжидийг бэрээ гэж нэг их сvйд болдоггvй ч бэрдээ ам муугvйн дээр тэнхэл тасрах цагтаа хvv бэр хоёроо барааднаа гэж ярьдаг хоёр аж. Дэжид хадмуудтайгаа айл саахалт яваа улсыг хараад заримдаа атаархах авч хол хөндий байгаа нь юvхэн хээхэн дээр vглэж яншаад байхгvй амар ч юм шиг санагддаг байлаа. Дэжид эхээс дөрвvvл. Том эгч нь Улаанбаатарт, удаах ах нь малын бэлчээр уулзах газарт, бага эгч нь аймгийн төвд суудаг бөгөөд эх нь отгон охин Дэжидээ бараадан хаяанд нь амь зууж явсаар гурван жилийн өмнө өөд болжээ. Эцэг нь хар нялхад нь нас барж, эгч ах нар нь айл гэр болж ам даанс тусгаарласан болохоор гэр малын ажилд ганц бие хvрэлцэхгvй байна гэдэг нэрийдлээр эх нь Дэжидийг долдугаар ангид орох намар сургуулиас нь гаргасанд тэр сургуульдаа сууна барина гэж зvтгэсэн ч vгvй эхийн аяс даган мал дээр гарч, гэр бараа, идээ цэгээ, нvvдэл суудал гэсээр арван зургаа хvрэхэд нутгийн харцуул нас намба бvрдсэн хvvхэн хэмээн vзэж ярих хөөрөх, тоглох наадахдаа хорь хvрсэн бvсгvйтэй ярьдаг харьцдагийн нэг адил ярьдаг харьцдаг болж ирсэн нь нэгэн бодлын сайхан ч юм шиг, нэгэн бодлын ичмээр ч юм шиг санагдаж явсан тэр vед тэднийхээр бууж мордохдоо саатан тугал ивэлгэх, саах нийлvvлэх зэрэгт санаагаараа тусалдаг, хvний нvд хариулан гарыг нь атгадаг хvн Дамба болжээ. Тэр vед Дамба цэргээс дөнгөж халагдаад ирчихсэн, хорь хvрч яваа Дэжидийг бодвол хvvхэд зангаа аль хэдийн орхисон залуу байв. Дамбын ийм ойр дотно байгаа нь Дэжидэд аятайхан санагдах авч загнах болов уу, элдэв юм асуувал юугаа хэлнэ хэмээн эхээсээ айх, нутгийн тохитой томоотой хөгшчvvл буугаад мордохдоо зэмлэнгvй хараад ч байх шиг санагдах зэргээс болоод хурдхан яваасай гэж бодно. Нөгөө гэвэл «Цаадах чинь Хорлоотой явж байгаад болчихсон юм...» гэх vеийн бvсгvйчvvдийн vг бас голыг нь гонсойлгоно. Иймэрхvv юмыг олон жил айл саахалт явж vзсэн дуулсан хамаг нууцаа бие биендээ хэлж сурсан найз бvсгvй Дулам нь хvртэл ярина. Нээрэн ч тэдний хэлдгээр хэд хоног ашиглаж байгаад хаячихна гэгч нь болох болов уу гэж санан дараа ирэхээр нь «Чи тэр Хорлоогийндоо очиж тугал бяруугий нь ивэлгэхгvй юv» гэж хэлье хэмээн боловч царайгий нь харахаараа хэлж vл зvрхлэхийн дээр тэгье л дээ гэсэн шиг мордоод явчихвал яана гэж битvvхэн айна. Тvvгээр ч барахгvй хэд хоног ирэхгvй болчихоор нь гарч орох нь ихсэн хурга тугалын хойноос мордох авч гэрээсээ өчүүхэн холдон толгодын цаана орохоороо эзгүй хойгуур ирээд явчих юм биш байгаа гэхдээ гэрээдээ эргэн яарч тугал хургаа учиргүй элдэн элдсээр гэрийн бараа харж гаднаа ямар ч морь байхгүйг хармагцаа урам нь хугарч сажлахын ихээр сажлан түүнээсээ болж «яасан удаан явдаг юм. Сажлаад л байх юм. Хүн чинь ардах ажилдаа яардаг байгаа даа. Нэг юм хийхээрээ нөгөөхөө мартчих юм» гэж эхдээ үглүүлэх авч «За за битгий яншаад бай хийж л байна даг» гэхчлэнгийн уцаарласан хариу хэлдэг болсон тул эх нь тэгэсхийгээд дуугүй болдог билээ. Ер нь сүүлийн үед эх охин хоёрын харьцаа их өөрчлөгджээ. Хар нялхаасаа аашилж, загнах үгийн хариу хэлж сураагүй л юмсан. Цаг нь ирж надад загнуулахаа болжээ ч гэж санасан уу, үр хүүхдээ томорч байгааг анзаарахгүй дэмий үг хэлж мулгуутлаа ч гэж боддог болсон уу элдэвт үг дуугарахаа больж, яах вэ, ийх вэ хэмээн асуух болжээ. Эхийнх нь ингэж өөрийн зоргоор байлган болсон нь Дамбыг ирэхэд чөлөөтэй ярьж хөөрч, инээж хөхрөхөд хүргэсэн бөгөөд эх ч тэдний явдлыг гадарласан мэт Дамбыг ирэхээр араг үүрээд хээр явчих ч юм уу, эсвэл юм хум өөд татах дүр үзүүлэн нэг хэсэг гадаа байж байгаад айлд ороод алга болчихдог байлаа. Дамбыг ирсэн нэг орой ядраад гэдэг нэрээр эртээ орондоо орон цааш харан хэвтжээ. Үнээ саах, сүү хөөрүүлэх мэтийн хамаг ажил Дэжидийн толгой дээр ирсэн хэдий ч энэ бүхнийг Дэжид гадаа бол Дамбатай инээж хөхрөн, гэрт бол хоёул шивнэлдэн байж тээр орой ажлаа дуусч унтах болоход анх удаа Дамбад унтах ор зассангүй. Түүнээс хойш ил цагаандаа гарчээ. Мөнөөх үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг магадгүй гэж бодох болгонд анхных нь тэр үдэш дурсагдан, зүрхийг нь шимшрүүлэхэд хоолой нь зангирч нүдний нь аяганд нулимс дүүрэн чавчихад уначихаар мэлтэгнэн ирнэ. Ийм үед Дэжид шүд зуун шүлсээ залгин нүдээ чавчихгүйг хичээдэг байжээ. Зүй нь нэгэнт мэлмэрэн ирсэн юм, цээжээ тэнийтэл уйлчихвал дотор нь онгойх байтал нулимс унагахгүйг ингэтлээ хичээдэг нь цаанаа учиртай аж. Уйлмаар болохтойгоо зэрэг л «яасан гэж усан нүдлэх билээ, өөрийнхөө нүдээр ямар үзсэн биш. Өөрийнх нь амнаас дуулсан биш. Мухар сохор юм сонсчихоод уйлж унжиж яаж болох вэ. Худлаа байвал яах юм» хэмээн бодож харин ч юу юуны туханд хүрэлгүй усан нүдлэх мууг дуудсантай л адил гэж сэжиглэн нэг ч нулимс унагахгүйг бодно. Гэтэл худлаа хэмээн бодох гэж чармайх тусам нь элдвийн юм санагдана. Заримдаа хөх торгон дээлийг шар дурдан бүсээр хотын хүүхнүүд шиг хөхийг төвийлгөн, биеийг жавхайлган ороож, өсгий өндөр цагаан шаахай өмссөн бурзгар хар үстэй хүүхэн цай аягалан гэрийн хойморт нөмгөн сууж буй Дамбад өгөхөд Дамба инээмсэглэн авч байгаа мэт санагдахад уур нь хүрч, Дамбыг авахын зуургүй аягатай цайгий нь замаас татаад асгачих юмсан гэж ч хүртэл бодчихсон байгаагаа гэнэт мэдрэн энэ бүх бодлоо мууд тооцон сэтгэлээсээ хөөхийг эрмэлзэн, «одоо ерөөсөө элдвийн муу юм бодохгүй. Юү гэж юу ч болоогүй байхад муу юм болох билээ» хэмээн өөрийгөө тайвшруулахыг хичээн алдсан үрээгээ хөтөлчихсөн ирж яваагаар, гэртээ орж ирээд инээмсэглэн сууж байгаагаар бодох бөгөөд ингэж бодох зуураа «манай Дамба чинь ямар сайхан шүдтэй юм дээ» хэмээн сэтгэлдээ үзэж буй дүрээс урьд өмнө нь анзаараагүйгээ анзаарч «эр хүнийг морь, шүд хоёр л чимж явдаг юм байна даа. Пунцагийнхаас ав юү яая дээ, үнэхээр дургүй хүргээд байгаа юм гэж ярьдаг халиун морийг аваасай. Уг нь ав ав эр хүнд сайн мориноос илүү юм хэрэг байдаггүй л юм гэх нь билээ» гэчихээд л авчихна л даа. Ухаандаа миний амыг л харж байгаа хэрэг. Одоо ирэхээр нь марталгүй хэлье байз гэж бодно. Иймэрхүү юм бодохоороо нэг үе тайвширдаг байв. Тэгтэл нэг өдөр олж ирэх ёстой хүрэн үрээ нь өөрөө ижилдээ иржээ. Энэ явдал Дэжидийн голыг гонсойлгож амьтны хэл амаа билүүдээд байгаа нь ортой байх нь гэсэн сэжиг сэтгэлд нь орогнон, түүний бодох санах идэх уухий нь хүртэл мэддэг болов. Яг энэ үед ах нь иржээ. Ямар хэргээр яваа нь бүү мэд, байдлыг нь ажихад нэг л янзгүй мал бүрэн эсэхийг асууж лавласныхаа дараа дуртай дургүй «Дамба хайчаав?» хэмээн асуужээ. Энэ асуулт цаанаа нэг юм хадгалаад ч байгаа юм шиг, Дамбыг хаа явааг чи мэдэх үү гэсэн юм шиг сонсогдоход Дэжид «Юү гэе дээ, Ойр зуур мордсон гэлтэй ч биш. Бүрэн бүтэн байгаа малаасаа алдчихсан гэлтэй ч биш, яаядаа» гэж тэрхэн зуур бодсоноо, -- Сум орно гээд л явсан хэмээн бялд муутайхан дуугарчихаад «Хэзээ гэвэл яанаа? Ах суман дээрээс ирсэн байвал яана? Хэрэггүй л сум орсон гэлээ. Үнэний нь л хэлдэг байж. Хүрэн үрээ ижилдээ ирчихсэнийг ах ямар мэдэх биш» хэмээн хойноос нь харамсан бодох зуураа хоёрхон усаар авсан шимийн архиа гарган өмнө нь тавив. Ах нь муухай харах шиг болсноо лонхтой архинаас аягалж залгилаад, -- Танайхан чинь яагаад нүүдэггүй улс вэ? Аль язуурын л энд буусан. Хэдэн мал чинь яаж тогтдог юм гээд их л ширүүн янзтай хялавхийн харахад Дэжид харцнаас нь харц буруулан тонгойв. Ах нь шал өөр юм ярих гээд байгаагаа худлаа дүйвээдүүлэн, тэр ярих хэлэх гэж байгаагаа гаргаж ирэх шалтаг болгон нүүдэл суудлын тухай ярьж байгаа бөгөөд үнэн хэрэгтээ чухам юун тухай ярих гэж буй нь дууных нь өнгө нүднийх нь харцанд ив илхэн байгааг зөнгөөрөө мэдэрсэн Дэжидийн дотор палхийн зүрх нь оволзон цохилж эхлэхэд арай чүү биеэ эзэмдэн, -- Зөөх л санаатай гэж ихэд гэмшингүй дорой дуугарснаа өөрөө ч мэдрэв. -- Үхсэн хойноо зөөх? Тэнгийн булан даахгүй хуруун чинээ нялх хүүхэд та хоёр яаж зөөх юм. Яасан арилсан дотортой амьтан вэ? чи. Чиний наад хоёр нүд чинь юү үзэж, хоёр чих чинь юү сонсож байдаг юм. Хүнд чинь нэр нүүр гэж байдаг. Та нар чинь яачихсан цагаандаа гарчихсан улс вэ. Үгүй ядахдаа амьтан ах дүүгээс ичдэг байгаа даа. Хн! “Сум орсон гэнэ шүү. Сум орсон хүн халзан Дэлэнгийнд хэвтэж байдаг юм уу... Яахаараа чи ч чи. Яагаад эр нөхөр шүү юмаа татаж авдаггүй юм гэснээ хариу хүлээх мэт дуугүй болов. Дэжид энэ тухай хэлэх вий гэхээс айн яс хавталзан суусан бөгөөд эдгээр үгсийг сонссоноосоо хойш яагаад ч юм мөнөөх айдас нь огт алга болж, одоо юү ч хэлсэн, юү ч ярьсан түүнд ялгаагүй мэт санагджээ. Ах нь архинаасаа дахин аягалж нүдээ тас анин залгилж, дуусгаад ярвайн амаа арчсанаа дотор нь сая онгойсон янзтай санаа алдаад Дэжид рүү зэрвэсхэн харснаа өрөвдсөн ч юм уу, аль эсвэл уурласан дүр үзүүлэх гэснээ удаан тэгж чадахгүйгээ мэдсэн ч юм уу дуугаа зөөлрүүлэн, --Дэлэгийнхээс гарахаа байж гэж дуулдаад байхаа нь зориуд оройхон тэднийхээр буусан юм гээд цааш хэлэх үгнээсээ халгах мэт зогтуссанаа зөрүү харсхийн, Хэвтэж л байна лээ. Эрүүл юм уу, согтуу юм уу хэн мэдэх вэ. Зэвүү хүрээд ганц нэгэн үг хэльюү гэснээ юу юуны туханд хүрээгүй байж за яршиг даа л гэж бодлоо гээд дахин дуугүй болов. Дэжид дуугарсангүй. Эдүгээг хүртэл тэвчиж явсан нулимс нь гарахаар завдсан тул түүнээ арай чамай тогтоов. Ах нь ийнхүү дуугүй сууцгаахынхаа гачланг давах гэсэндээ дэмий л архинаасаа аягалан, хатуу гарсан архи дорхноо толгойд нь гарч байгааг мэдэрсэн нь авч согтохоосоо нэг ч их хулчийсангүй бас дахин нэг аягыг уугаад аягыг тавин лонхтой архиныхаа сүүлчийг шавхан хийгээд дахиж уухгүйг илтгэн хоосон лонхоо явган ширээний ар руу далдлан тавиад, -- Ер нь тэгээд хүү минь бага дээр нь татаж авахгүй бол базаахгүй л юм болох бий вий. Тиймэрхүү явдал газар авахаараа хэнд ч дийлддэггүй л юм даг гэснээ аргадангуй, -- Миний дүү, цаадахыгаа ирэхээр сайн хэл. Юү хийхэв, хэд наслана гэж ингэж явах вэ. Ажаад байхад эм нь ажилгүй эр нь завхай айл ч айл биш болдог юм шүү гээд үлдсэн архиа ганцхан хөнтөрчихөөд архины хойноос цагаан идээ амсдаг ёсыг бодож тавагтай идээний захаас ааруул хэлтлэн авч амандаа хийгээд дуугүй суугаад байлтай ч биш ухасхийгээд гараад явчихалтай ч биш яах ч учраа олохгүй жаахан сууснаа: -- Гээд эр хүн хойно учраа олчихноо. Харин чи л ам муруйх болгондоо урьд хойчийн юм сөхөөд байв даа. Тэгвэл ч сайнаа үзэхгүй шүү. Нэг л сайн хэлж аваад мартчих хэрэгтэй. За би ч явья даа. Өнөө хэдэн тэмээ бас, гээд морджээ. Ахынх нь эл яриа үнэн байвал яана хэмээн шаналдаг байсан шаналал арай ч үгүй болов уу хэмээн эргэлздэг байсан эргэлзэл, намайг элэг барьж байхдаа яах вэ дээ хэмээн уурсдаг байсан уур энэ бүхний гомдлоор сольсон хэдий ч салж сарних тухай бодоо ч үгүй, тийм үг хэлнэ хэмээн зэхэж байсан бөгөөд гагцхүү нүүр учрахын үед гомдсондоо аргадуулах ч гэсэн юм уу хэлж орхисон нь тэр ажээ. Дэжид Дамбыг ийм үг хэлнэ чинээ огт санасангүй тул балмагдан дуугүй болсноо өөрөө буруутай байж ийм үг хэлсэнд нь Дэжид улам ч гомдон, гоморхолдоо тэнцэхээр гашуун үг хэлэх гэсэн боловч тийм үг олсонгүй хэр нь «Намайг бас нэг яахаа алдчихсан амьтан гэж бодож байна уу. Үгүй шүү яаж ийгээд амьдрах байлгүй» гэж бодон зэвүү нь хүрч хоолойных нь өнгө хөндий хүйтэн өнгөөр солигдон, -- Авалгүйдээ, Тэр бүр шинэ юманд ааван сааван дасаа ч үү, үгүй ч үү. Нэг хэсэгтээ унаж дассан морь, биед хэвшсэн хуучин хувцас чинь хэрэг болно байх шүү гэхэд Дамба Дэжидийн үгийн өнгө, егөөнд шар нь хөдөлсөн янзтай, --Тэрэнд санаа зоволтгүй гэв. Дэжид ийм уужуу тайван, ийм битүүхэн түншсэн үг хэлчихсэнээ өөрөө ч мэдрэн, Дамбын хорыг маажиж чадсандаа эрэмшин улам ч тайван хэнэггүй царайлан, -- Сайн муу ч гэсэн чамтай хэдэн жил ханилсан юм байна. Юутай явуулахаа өнөөдөртөө мэдэх байлгүй гээд босч орны хөндийгөөс аян жин, хот суурин орохдоо авч явдаг Дамбын булигаар богцийг гаргах зуураа, -- Цаашдаа ч авах юм байвал аваарай гэж хэлээд авдар уудлан урин дулаанд өмсдөг хувцас хунарыг нь гарган Дамба руу шидлэхэд Дамба, --Авахгүй, авахгүй. Яаж ийгээд болох л байлгүй. Миний гэсэн юм байдаг юм бол хэт нь энэ хүүхдийнх болно биз гээд буцаан чулуудтал Дэжид цочсон юм шиг огцом эргэж харан мөнөөх хөндий хүйтэн дуугаараа, --Эцгээр дутна уу гэхээс эдээр дутахгүй байлгүй гээд буцааж чулуудсан хувцасыг нь хаман авч богцонд нь хийгээд амыг нь үдэн Дамба руу түлхээд цааш юү хийх яахаа ч мэдэхгүй байх мэт авдрынхаа өмнө хэдэн хором сууснаа авдраа ч таглалгүй босч Дамбын өмнөх данхтай цайг авч зуухан дээр тавилаа. Дамба дуу ч үгүй тамхиа сорон тонгойн сууна. Дэжид эргэнэгийнхээ доороос сонин авч базан зуух руу шургуулан шүдэнз зуран асаахад түрүүнээс хойш уугьж байсан аргал пүнхийн утаа цацаад асаж эхлэв. Хэрэв энэ мөчид хүү нь гаднаас орж ирээгүйсэн бол тэд хэдий болтол чимээгүй суух байсныг хэн мэдэх билээ. Цэдэн-Иш хүү аяны богцоо дэргэдээ тавьчихсан суугаа аав руугаа гайхан харснаа дэргэд нь очин мөрий нь түшин зогсож, --Аав хайчих гэж байгаа юм хэмээн явуулахгүйн өнгө хадгалсан, эрхэлсэн янзтай урвагнахад Дэжид, --Аав нь аймгийн төв орчихоод ирэх юм байхаа гэв. Хүү улам ч урвагнан, --Аа, аав саяхан яваад ирсэн шүү дээ гэхэд Дамба уртаар санаа алдан, -- Аавд нь ажил байна. Миний хүү ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай. Хонио хүний хоньтой нийлүүлэв гээд хүүгийнхээ толгой дээр үнсээд гаансаа түрийлэхэд хүү, --Аав надад тонгорог авчирч өгөөрэй. -- Байдаг л юм бол аав нь аваад л ирнэ гээд босон үүд рүү явахад хүү, --Та богцоо аваач гээд гүйж очиж богцыг нь дааж ядан үүд рүү чирэхэд Дамба эргэж харан, -- Аа, хэмээн сулхан дуугарснаа хүүгийн гараас богцыг авч гарахад хүү ч даган гарав. Дамба уяа руу даган очсон хүүгээ дахин үнсэе юү гээд хүү рүүгээ эргэх гэснээ «Дахин уулзахгүй болчихож байгаа биш» гэж бодон эмээл дээгүүрээ богцоо хөндлөн хаяад уяан дээрээс морио тайллаа. Эцгийгээ юү юүгүй мордох гэж буйг харсан хүү гэртээ гүйн орж, --Ээжээ аав мордлоо шүү дээ, сүүгээ өргөөч хэмээн хашгирахад зуухны аман дээр гөлрөн сууж байсан Дэжид юү гэсний нь дуулаагүй ч юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг түүний зүг мэлрэн харахад хүү, --Та аймаг явах болгонд сүү өргөдөг шүү дээ. Одоо яагаад өргөхгүй байгаа юм бэ. Аав аймаг явахгүй юм уу гэхэд Дэжид сая учрыг нь ойлгосон мэт босч эргэнэг дээрээс шанага аван сав суулганаасаа сүү хайхад хүү үүдээр шагайн, -- Хурдлаачээ, явчихлаа шүү дээ хэмээн дэвхцэх нь халаг сандчихад Дэжид өглөө хөөрүүлсэн тогтоотой сүүнийхээ өрмийг ч авалгүй захаас нь цоо татан сүү утгаад гарахад Дамба хэдийнээ мордон хөдөлж байлаа. Дэжид Дамбын хойноос шанагатай сүүгээ хам хумхан өргөөд гэртээ орон хоосон шанагаа эргэнэг дээр тавих гээд мөчид тавин унагахад хүү эхийнхээ царай өөд гайхан харснаа ухасхийн шороотой шанагыг авч эх өөдөө сарвайв. Дэжид шанаганыхаа шороог ч арчилгүй эргэнэг дээр тавих зуураа түүний харц өөрийн эрхгүй тогоотой сүүн дээр туслаа. Өрмий нь цоолчихсон тогоотой сүү сэтгэлийг нь улам ч гутраан энэ ертөнц дээр бүтэн юм ер байхгүй болсон мэт санагдав. Дэжид хоолой зангирч байгаагаа аль болохоор мэдэгдэхгүйг хичээн: --Миний хүү Багаагийндаа очоод данхтай цайгий нь зуухан дээр нь тавиад галыг нь түлж бай. Должин гуай одоо ирэх болж байгаа байх. Ээж нь аргалд яваад ирье гэхэд хүү: --Манайх зөндөө аргалтай шүү дээ. -- Тэнгэрийн муухайд чи бид хоёрт аргал л.... гэснээ үгээ дутуу хэлэн буруу харан эргэнэг дээгүүр юм хайв. Хүү: -- Тэнгэр сайхан л байна шүү дээ гэхэд Дэжид буруу харсан хэвээр: -- Маргааш яахыг чи бид хоёр яаж мэдэх вэ дээ. -- Маргааш ч сайхан байна гэсэн шүү дээ араажав. -- Аан. -- Та сонсоогүй юм уу хэмээн хайнга дуугарснаа гэнэт эрхлэнгүй инээмсэглэн: -- Ээжээ би тэр махнаас идье, тэгэх үү? -- Тэгээ гэхэд хүү баярлан гүйж очиж тавагтай махнаас авснаа: -- Та идэх үү? гэлээ. Дэжид -- Үгүй гэж дуулдах төдий хариулаад гадаа гарч гэрийн хаяанаас араг авч үүрэн зүүн тийш алхаллаа. Урьд нь гэрийнхээ гаднаас ааргаа үүрч байхдаа хаашаа явбал аргалтай билээ хэмээн бодож явах зүгээ сонгодог байсан бол энэ удаа тэгсэнгүй. Хандсан зүгтээ л явж байгаа нь энэ бөгөөд энэ зүг нь Дамбын явсан зүгийн эсрэг зүг байлаа. Уг нь Дэжид билэг дэмбэрэл бодсонсон бол эцэс нь үл мэдэгдэх нэгэн их хоног хугацаа, зай завсрыг хоёр тийш нь сунган хөвөх мэт хоёр тийшээ явчих гэж юүг хэлэх вэ хэмээн цээрлэн Дамбыг далд орон ортол нь хүлээхийн ерөөл бодон байрнаасаа ч хөдлөхгүй зогссоор байх байсан билээ. Гэтэл одоо билэг дэмбэрэл, ёс ёмбо бодохын сэхээ Дэжидэд байсангүй. Гагцхүү гэрээсээ түргэхэн холдохыг бодон түргэн түргэн алхлах бөгөөд гэрээсээ холдох тусам хоолой нь улам зангирч, нүднийх нь нулимс өөрийн эрхгүй бүрхэн ирж, хоёр хөл нь солбин гуйвлахад Дэжид биеэ эзэмдэхийг бодсон ч үгүй аргаа үүрсэн чигээрээ суун тусаад мэгшин уйлав. Одоо хэнээс яах гэж нулимсаа нуух юм? Уйлж усан нүдлэхгүй байгаад яах юм? Өдий олон хоног нулимсаа барилаа гээд надад сайн юм юү ирэв? Цөм худлаа. Сайн сайхан, муу муухайг зөгнөнө гэдэг ч худал, уйлчихвал бүх юм муугаар эргэчих юм шиг санаж тэгтлээ юунд тэвчив? Уйлж л байх минь яалаа, тэгсэн бол уйлах нулимс минь бага ч гэсэн хорох ч байсан юм билүү? Усан нүдлэх муу гэдэг, яадаг юм. Гай гэж байдаг бол тэр нь дайрч л байг. Тэртэй тэргүй хэнд ч хэрэггүй үнсэнд хаясан шалз шиг амьтан үхсэн ч яадаг юм. Хэнд хэрэгтэй гэж амьд явах юм? Амьд явж яах юм? Яах юм?... Гэнэт гэдсэнд нь хүүхэд хөдлөх шиг болоход амьсгаагаа аажуу гарган нулимсаа арчин чимээгүйхэн эхэр татан биеэ чагнан «Нээрэн давхар биетэй болчихсон юм гэж үү? Цэдэн Ишийг анх олоход яалаа? Арай санаа дагаагүй байгаа? Хөдлөх болсон гэж үү? Суун тусахдаа эвгүйцүүлчихээгүй байгаа?» хэмээн бодож дахин хөдлөхий нь хүлээн нэлээд суув. Огт юм мэдэгдсэнгүй. Санаа дагасан юм байлгүй дээ. Юү боллоо гэж ганцхан хөдлөв гэж. Хэд хоногийн өмнө бас л хөдлөх шиг болохоор нь бас л нэг хэсэг биеэ чагнасан юү ч л мэдэгдээгүй дэг худлаа л юм байлгүй гэж бодов. Ийнхүү өөр юм бодон нэлээд суучихсандаа садаараад ч тэр үү нэг хэсэг уйлчихсан болоод ч тэр үү дотор нь овоо онгойх шиг болж санаа алдан сааль сүү, үхрийн зэлний түйрэмд зэгэл саарал болсон савхин гутлаа харснаа өглөө босоод үсээ ч тав тухтай самнаагүйгээ санан шанаа руугаа унжсан үсийг хойш илж чихнийхээ араар болгоод алчуураараа толгойгоо тумлайдан боогоод ухасхийн босох гэснээ түрүүчийнхээ суун туссаныг санан саврынхаа ишээр газар тулан болгоомжтой боссоноо «Ингээд ч яах юм билээ. Хэрэв хүүхэд олчихсон байлаа гэхэд Дамбаас гэдсэндээ хүүхэдтэй хоцорсон гэж хэн үнэмших юм? Өнөө Дэжид эцэггүй хүүхэд гаргасан гэнэлээ л гэж шуугина шүү дээ» гэсэн бодол орж ирсэн боловч «Шуугивал шуугина л биз. Одоо сайн нэртэй явлаа гээд яах ч юм билээ. Ялгаа ч алга даа» гэсэн бодлоор няцаагдан ерөөс сайн муугийн ялгаа байхгүй юм шиг санагджээ. Хэдэн мөчийн өмнө Дэжид харж зүрхлэх ч үгүй, харахын сэхээ ч байгаагүй тэр зүг рүү өөрийн эрхгүй харан зогслоо. Дамба аль хэдийн бараа тасарсан бөгөөд тэр зүгт, тэр биш байгаа гэх бараа ч үгүй, тэндээс болов уу гэх салхи ч үгүй ажээ. Дэжид аргал түүхээр гарснаа сая санах мэт үүрсэн аргаа тэгшлэн засаад цааш явлаа. Хорсол гомдол, уур омог, хүлцлээр дүүрэн байсан сэтгэл нь одоо хов хоосорч, тэрхүү хоосон нь шаналгах мэт үе үе зовууртайгаар санаа алдан хэсэг явсан боловч араг руугаа ганц ч аргал хийлгүй гэрийн зүг гэлдрэхдээ гараараа хоёр нүдээ хавдсан эсэхийг байн байн тэмтэрч явлаа. Дамба огт эргэж харсангүй. Эргэж харахгүй гэж бодоод ч тэгсэнгүй. Ерөөс хол ойр алив юманд явахдаа гэрээдээ эргэж харж заншаагүйгаар ч үл барам алс явахаар мордсон хэрнээ ийм тийм юмаа мартсан нэрийдлээр замаас буцах, гэрийнхэндээ энэ тэрийг захихаар эргэх зэргийг эрс цээрлэдэг хүн. Ийнхүү алсын моринд дөрөөлсөн хэрнээ эргэж буцах нь орон гэрт сэтгэл санаа хоргодож байгаа хойно зорьсон хэрэг үйлстэй бүтэхгүй нь мэдээж гэж бат боддог учраас алсхан явахаар завдах бүхэндээ хэд хоногийн урьдаас унах унаа, тохох эмээл, хазаар, чөдөр ногтоо зэхэн, захих хэлэх үгээ аажуу уужуу захин тамхиныхаа хүүдийд тамхи дүүргэн шүдэнзээ дүүрэн, эсэхийг үздэг байлаа. Эртнээс ингэж бэлтгэдэг болохоор барагтай бол юм хүмээ мартана гэж байхгүй, хаа нэг тохиолдлоор яль шальхан зүйл мартлаа ч түүний төлөө хэзээ ч эргэж буцаж байсангүй. Эл учир гэрийн гаднаас мордуут барьж явах зүгийн тэнгэрийн хаяа ширтэн нүдэнд харагдах уул толгодын хаагуур орж яаж явбаас газрын бартаа бага ойр дөт болохыг эн түрүүнд баримжаалан харж аваад мориндоо ташуур өгөн Гэрээс гаралгүй хэд хичнээн ч хоночихов доо. Ганцхан чиг барин алсыг ширтэн явах юутай сайхан. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг их л ортой үг юм даа хэмээн бодож цээж дүүрэн амьсгалан давхидаг байжээ. Харин энэ удаа бүх юм өөрөөр эргэжээ. Дамба хотынхоо захаас гармагц мориныхоо аясаар зугуухан шогшиж явснаа бяцхан давирч егүүлэхдээ эмээл дээгүүрээ тохож орхичихоод ганзагаараа даруулаагүй богц нь морины явдалд урагш хойш бондогнон явааг ч үл анзаарах бөгөөд хувцас хунары нь гарган өөдөөс нь шидэлж байсан Дэжидийн байдлыг бодохоос зэвүү нь хүрч, өөрөө хамгаас буруутай, хамаг бүхэн өөрөөс нь үүдсэн гэдгийг ч үл бодон уур цухалдалдаа автан «яавчихад ч ер нь яах вэ дээ. Ямар холбоод гагначихсан биш. Салъя суучихъя гэж бодоогүй байхад тэгээд байгаа юм бол Тогоохүүтэй суучихад ч ер яах вэ дээ. Ямар ялгаа байна? Их л удаж нэг анхиагүйг нөгөөгөөр солино биз. Ер нь хэнтэй амьдарсан ч төгсдөгөөрөө л төгсөж орхих хорвоо юм чинь» хэмээн бодно. Дамба Дэжидийг хөөнө чинээ огт санаагүй явсан болоод ч тэрүү, юу юуны туханд хүрэлгүй учир жанцангий нь ч ололгүй түс тас шийдсэнд нь улам гомдож, энэхүү уур гомдол нь хаа нэгтэй сэтгэлийн мухарт доромжлогдсон, басамжлагдсан гэдэг санааг бүдэг бадаг төрүүлэх бөгөөд тийм санаагаа бүүр түүрхэн мэдрэх бүр «нэг нэр хоёр хоч. Ер хэлүүлэв юү. Тогоохүүг аваад хаашаа ч юм явчихалтай нь билээ» хэмээн бодсоноо гэнэт «дарханыхаа хэрэгслийг авдаг байж, чөдөр ногт зангидахаас эхлээд хийх юм хаа мундах вэ. Юу юу ч үгүй гар мухар гарснаа санах авч тэрхэн үед дархны хайрцаг бүү хэл тамхиныхаа хүүдийд ч тамхи дүүргээд авчих сэхээ байгаагүйгээ санан гунихрав. Ер ингэхэд би гэдэг хүн яах хүн бэ. Үнэхээр ингээд энэ чигтээ Тогоохүүгийнд давхиад очдог хэрэг үү?» Хэмээн бодоход хариу өгч чадахгүй байлаа. Дамба тэднийд өнжиж хонож Тогоохүүтэй ойр дотно явах үедээ түүний инээмсэглэл, үнэртэн гэхэд арай биш нэгэн тансаг үнэр, хүзүүдчихээд шивнэдэг үгнээс нь өөр юу ч мэдэхгүй, мэдье ч гээгүй ажээ. Нэгэн удаа хань бүлтэй хүнд сэтгэлтэй болчихдог би ямар үйлтэй амьтан бэ гээд уйлахад нь Дамба юу ч хэлээгүй юм. Энэ мөчийг хүртэл Тогоохүүтэй суух тухай бүү хэл, би сэтгэлтэй билүү, үгүй билүү гэдгээ ч бодож яваагүй хэр нь ингээд давхиад очиход Тогоохүү ханилах суух тухайгаа аль хэдийн ярьж хэлцчихсэн юм шиг угтах болно гэдгийг Дамба мэдрэх тусмаа «Ингээд л Тогоохүүтэй суучих гэж үү» хэмээн бодно. Ийнхүү элдвийг бодон явахад унаж яваа морь нь нэг хэсэг егүүлсэнээ эзнээ огт ташуур өгөхгүй жолоо цулбуур зоргоор явааг мэдрэн шогшиход тохож яваа богц нь улам ч бондогнон хөлийг нь дэлдэж эхлэхэд Дамба сая анзаарч эргэн тойрныг ажвал гэрээс гарсаар нэлээд газар явчихсан тул мориныхоо амыг татан сажлуулав. Мөнөөх богц ч бондогнохгүй болов. Дамбын сэтгэл ч овоо уужирч «Амьдрал гэгч ер нь юу юм? Нартай өдрөө л хүн жаргалд тооцдог байна уу? Хүн ер нь яаж амьдрах ёстой юм бэ. Морины хөлд гишгүүлэх шахан бужигналдах энэ олон оготно шиг намар эртнээс хөеө хурааж, өвөл ичиж, хавар нь дахиад л газар ухан, үүр ноохой барьж амьдрах гэж үү. Аль эсвэл болжмор шиг олсоноо идчихээд л нисч бууж явах хэрэг үү. Хоолоо олж идэхийн тулд л болжмор нисдэг юм бол яах гэж агаарт тогтон тогтон жиргэдэг байна вэ? Тэгэх нь амьд явахынх нь утга учир юм болов уу» хэмээн бодож явтал нүдний нь үзүүрт Тогоохүүгийхний хот айл цайлалзан харагдахад мориндоо дэм өгөн эргүүлтэл мөнөөх богц нь дахиад л бондогнож эхлэхэд сая түүн рүү харж богц бондогнуулан айлын гадаа буухаасаа ичих шиг санагдан, буугаад ганзагаараа сайн даруулаад очъё гэтэл улс амьтан богц тохоод хаа хүрэх нь вэ гэвэл юү хэлэх вэ. Ойрхон очоод хээр орхичихоод очих, үдшээс өмнө айл саахалтын хүн олоод хэний юм наана цаана гэвэл бас эвгүй. Тэгдэггүй юм гэлээ гэхэд явуулын амьтан олзшаан аваад явчихвал бас ч хайран санагдан ер яах ч учраа олохгүйд хүрэхэд арга чарга олохын оронд «Тэгэхээс тэгэх гэж албаар намайн амьтны шившиг болгох гэж богц тохууллаа» гэж Дэжидэд уур нь хүрч мордуут хүү нь хойноос нь хашгиран чирээд ирэх байсан гэдгийг мэдсээр хэрнээ түүнийг огт санахгүй шон дээр орхичихоод явчихдаг байж. Тэгсэн бол юу гэж ингэж зовж явах вэ хэмээн хий л цухалдсаар яаж ч чадалгүй тэр чигээрээ гадаа нь хүрээд оччихсонд хэнэггүй байдал гаргахаас өөр арга үлдсэнгүй. Дамба мориноосоо буун олмоо султгаад богцоо авч барьсаар гэрий нь гадаа очин хаяанд нь богцоо тавиад оров. Эхтэйгээ хоёул дээл эсгэж суусан Тогоохүү түүнийг хармагцаа царайдаа баяр баясгалан гэрэлтүүлэн инээмсэглэхэд Дамбын дотор ч агшин зуур гийн: --Үйл бүт хэмээгээд баруун орны урд очиж суув. Тогоохүү: -- Мөр зохь гээд цааш залган хэлэх үгийнхээ шоглонгуй амтанд өөрөө тэсч чадалгүй инээд алдан: -- Мөдхөн мөндөр шиг манцгар цагаан хүүтэй болоорой гээд хөхрөхөд Дамба ч даган хөхөрч: --Тэр ерөөл бат орших болтугай хэмээгээд «Чи гаргаад өгөөрэй л дээ» гэсэн харцаар харахад түүний харцыг ойлгосон Тогоохүү өвөрт нь гар хийсэн юм шиг царай улайлган тонгойход түүний эх Бумбаа, хийж буй юмнаасаа ч толгой өөд татсан үгүй: --Аальгүй монш вэ. Босч айраг цагаа хийж өгөөч гэв. Тогоохүү ингэж хэлэхийг л хүлээж байсан мэт ухасхийн босч Дамбад айраг хийж өгөөд түүний ар дахь орон дээр суугаад, --Чи дурангаа мартчихсан байна лээ гэж шивнэхэд Дамба түүн рүү эргэсхийгээд: --Тэр чинь ч харин сайн болж билээ гэхэд Тогоохүү гайхсан нүдээр хариу нэхэн ширтэхэд Дамба тэдний юу ярилцаж яаж буйг огт анхаарахгүй дүр үзүүлэн суугаа Бумбаа хөгшний зүг харснаа дуугаа намсган: --Би ч бүрмөсөн хүрээд ирлээ шүү дээ гэв. Ийм үг дуулна гэж санаагүй явсан Тогоохүү балмагдан хэлэх үгээ олж ядан байснаа гэнэт Дамбын араас зоримог гэгч нь тэврэн хоромхон зуур сэрвээнд нь толгойгоо наалдуулснаа гүйн гарч яах гэж, юу хийх гэж гарснаа ч мэдэхгүй зогсохдоо хаяа түшүүлэн тавьсан богцыг олж харлаа. Аваад ордог юм билүү... Хүний нүд тусахааргүй газар тавьчихдаг юм уу хэмээн тээнэгэлзэн, айл хунарын улс харчихаагүй байгаа гэж эмээн хурдхан далд хийх нь зөв санагдан гэртээ барьж орон ээждээ харагдуулалгүй орон доогуураа хийчихье гэж нэг ухасхийснээ харчих байх гэж болгоомжлон илүү гэртээ оруулан хураалттай бараан дээр тавиад дээрээс нь юмаар бүтээчихээд гэртээ эргэж орон Дамбад, --Гүүгээ саая гээд баруун хаяанд цахлан дүүжилсэн хөхүүртэй айрагийн доороос хувингаа харжигнуулан авахад эх нь хийж буй үйлээсээ сая толгой өөд татан: --Саамшаагүй байлгүй, саяхан саах чинь юу билээ гэв. Тогоохүү эхийнхээ зүг харсан ч үгүй, хариу хэлсэн ч үгүй үүдрүү зүглэхэд Дамба босч араас нь гарав. Тэр хоёр зэл рүү явж байхдаа юу ч ярьсангүй. Хоёулханаа гүүн зэл рүү хурдхан явах юмсан гэж хүсч байсан Тогоохүү ийнхүү явж байхдаа нэг их юм яримаар, тэгсэн атлаа юу ч ярихаа ч мэдэхгүй, хааяа Дамба руу яриа хөөрөө сэдэх болов уу хэмээн харах боловч цаадах нь дуу шуу ч үгүй гунигтайхан алхаж харагдана. Тогоохүү Дамбыг цээжиндээ тэврэн «Найздаа хамаг зовлонгоо ярьчих. Тэгвэл сэтгэл чинь онгойно» гэмээр санагдах авч энэхүү гэгээн цагаан өдрөөс, айл саахалтын амьтнаас ичин, мөрий нь ч мөрөөрөө шүргэж эс зүрхлэх бөгөөд тэгээд ч Дамба санаан зоргоор тэгүүлэх ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй тул бас болгоомжилно

No comments:

Post a Comment